Үгийн гарал зүйн хувьд “Философи” нь Грек хэлний phileo (хайрлах), sophia (мэргэн ухаан) гэсэн үгсээс гаралтай. Тиймээс, энэ үг нь мэргэн ухааныг хайрлах гэсэн санааг илтгэнэ. Хайрлах гэсэн утгаас гадна phileo нь мөн эрмэлзэх (мэргэн ухааныг эрмэлзэх) гэсэн утгатай.
Философич гэдэг үг анх Пифагороос (МЭӨ 496-580) эхлэлтэй бөгөөд Пифагороос Флиасын хаан Лион түүнийг юунд мэргэшсэнийг нь асуухад тэрээр өөрийгөө мэргэн ухаантан (софос) бус, харин философич (мэргэн ухаанд дурлагч энгийн нэгэн, үүнд эрмэлзэгч) хэмээсэн байдаг.
Олон жилийн тэртээгээс орчлонгийн агуу оньсогын тайллыг цөхрөлтгүй хайсан эрэгтэй, эмэгтэй хүмүүс, мэргэн ухаанд дурласан олон тооны сүнснүүд Пифагороос ч өмнө байсан: Бид чухамдаа хэн бэ? Бид энэ ертөнцөд ямар зорилготой ирсэн юм бэ? Орчлон ертөнцийн үүсэл нь юу вэ? Амьдрал хаанаас үүсэн гарсан юм бэ? Бүтээгдсэн бүх зүйлсийн чанадад ухамсарт хүчин оршдог болов уу? Бид төрөхөөсөө өмнө оршин байсан уу? Үхсэний дараа бид оршин тогтнох уу? Бидний амьдралын жаргал, зовлонг санамсаргүй тохиолдлууд авчирдаг хэрэг үү, эсвэл аль хэдийн бичигдсэн хувь тавилан байдаг уу?…
Юунгийн хэлснээр: “Сэтгэхүй дангаараа хангалттай байдаггүй”, тиймээс яг л модны үр олон ч цөөхөн хэд нь соёолж, үр жимс ургуулдгийн адил мэргэн ухааныг хүмүүс хүсэх ч ихэнх нь сэтгэхүйн мэдлэгтээ хязгаарлагдаж замаасаа унацгаадаг. Энэ бол хүн ягшмал номлол, хуурамч үзэл, үзэл баримтлал, онолд боолчлогддог шалтгаан нь. Үндэслэлтэй учраас Гёте хэлжээ: “Бүх онол саарал, харин амьдрал хэмээх алтан жимст мод л ногоон.”
Зөвхөн цөөн хүн л тэнгэрлэг философийн тусламжтайгаар, ухамсарт туршлагаар оюуны тогтворгүй салхинаас өөрсдийгөө чөлөөлөн, жинхэнэ Мэргэн ухааны оргилд хүрсэн байдаг. Тэдний дунд: Күнз, Будда, Есүс, Соломон, Гомер, Пифагор, Платон, Сократ, Хермес Трисмегистус, Данте Алигери…
Ийнхүү бидэнд хоёр философи гарч ирж байна: оюун санаа өнөөдөр нэг зүйлийг цагаан гэж тодорхойлж, маргааш нь түүнийгээ хар гэж ангилдаг тул энэ төрлийн философи нь өнөөдөр гарч ирээд маргааш алга болдог. Нөгөө нэг нь зуун зууны нүүр үзсэн ч хуваагдаж, хувирдаггүй учраас үргэлж ямар байсан яг тэр чигээрээ, өөрчлөгддөггүй, мөнхийн философи. Эхнийх нь субъектив шинж чанартай, энэ нь Софиа руу тэмүүлэх хүмүүсийн танин мэдэхүйн чадавхаар хязгаарлагддаг. Хоёр дахь нь объектив бөгөөд үнэн. Үүнийг Сэрсэн Ухамсар л хадгалан, тэтгэх бөгөөд хүмүүний тавьж болох бүх асуултад нухацтай, бодит байдлаар хариу өгөх чадвартай.
Өнгөрсөн үеийн агуу соёлуудын домог, үлгэр, туульс, бэлгэ тэмдэг, зан үйл гэх мэтчилэн бүгдийг гүн гүнзгий судалж үзэхэд бид зүгээр нэг давхцал гэхээс илүүтэй зүйлийг харж эхэлдэг нь гайхмаар. Урьдчилан тааж, таамаглалгүйгээр, нарийн нягт судалснаар бид энэ бүгдийн хоорондох хүчтэй барилдлага, эдгээрийг холбож буй нууцлаг ерөнхий илэрхийлэмж байгааг мэдсэн юм.
Олон хүн хайх боловч цөөхөн нь олж чаддаг тэрхүү philosophia perennis et universalis (мөнхийн универсал гүн ухаан)-г эрт цагийн хамгийн алдар цуутай мэргэдүүд мэддэг байсан гэдгийг бид батлан хэлэхээсээ эмээхгүй.
Амьдрал үхлийн агуу үнэнийг ухааруулах дотоод гэгээрлийн түлхүүрийг хүнд өгч чадах энэхүү трансцендентал гүн ухаан нь зуун зууны туршид дэлхийн дөрвөн зүгт оршсоор ирсэн тул аль нэг ард түмэн, итгэл үнэмшил, соёл иргэншилд тусгайлан зориулагдаагүй юм. Энэ бол Грекийн домогт Дэлхийг төлөөлөн гардаг дагина Гаеагийн универсал гүн ухаан бөгөөд “Гео” хэмээх үг эндээс урган гарчээ. Энэ нь өөрийн үр хойчийн зөвхөн аль нэгэнд нь (өөр өөр соёл иргэншлүүдэд) өвлөгдөлгүй, дэлхийн өнцөг булан бүрд оршин байдаг тул бидний хувьд Гео-Философи нь (бидний нэрлэснээр) Дэлхийн универсал гүн ухаан.
Геофилософи нь бидний өмнө хэлсэнчлэн, Ухамсрыг төсөөлшгүй алс хязгаарт сэрээх чадалтай бөгөөд оюун санаанаас дээд хүчин хүний ухамсарт оршин байдгийг баталж чаддаг тул зөвхөн онолд суурилсан энгийн философиос эрс ялгаатай. Оюун санаа сэтгэдэг бол Ухамсар ойлгодог. Оюун санаа бодож, таамагладаг бол Ухамсар шууд хүлээн авдаг.
Геофилософи нь аль ч шашны үзэл сурталд автаж дагадаггүй, учир нь энэ нь дэлхий даяарх аль ч шашин, итгэл үнэмшлүүдэд агуулагдах үнэний чин эрэл, мөнхийн гүн ухааны чухал элементүүдийг таньж харж чаддаг юм.
Геофилософид хүн дотооддоо тээж буй зүйлээ гаднаас хайх нь утгагүй гэдгийг батлан хэлдэг. Тиймээс, Юунг хэлэхдээ: “Гадагшаа хардаг хүн зүүдэлдэг. Харин дотогшоогоо харсан хүн сэрдэг.”
Геофилософи нь бүх ягшмал онолууд хүнийг боолчилдог гэдгийг ойлгодог тул хэнд ч юу бодохыг нь заахыг оролддоггүй. Эсрэгээрээ, хүний эргэцүүлж, аливааг ялган таних чадамж, чөлөөт хүсэл зоригийг сайшаадаг.
Бид хэн бэ?, бид хаанаас ирсэн бэ?, бид хаашаа явж байна вэ? гэдэгт хариулт олохоос өөр нэр төртэй, чин шударга үйл хэрэг үгүй гэж Геофилософид үздэг. Бүтээгчийн арканаг (нууц) мэдэх нь тэрс үзэл биш, харин бидний эрх бөгөөд ийм ч учраас “Бурхны сүр жавхлан нь нууцаа далдлахад, хүний сүр жавхлан түүнийг нээж илрүүлэхэд оршино” (Зүйр үг 25:2) хэмээн бичигджээ.
Эрхэм уншигч та бүхэнд гайхамшигт философичийн үгээс ишлэн энэхүү өгүүллээ хаахыг зөвшөөрнө үү:
“Мэргэн ухаан бол мянга мянган жилээр оршигч хад адил бат бөх, сүр жавхлантайгаар дүрэлзэн асах гал мэт бадардаг. Түүнийг эзэмшсэн хүн утгагүй бүх зүйлд авталгүй, хувь тавилангийн гэнэтийн өөрчлөлтүүдэд ганхашгүй бат суурийг олж авдаг”
Posside sapientiam, quia auro melior est
«Алттай байхаас Мэргэн ухаантай байх нь хавь илүү эрхэм.»