AGEAC нь хүний эрх чөлөө нь мэдлэгийн баганууд дээр тогтож байдгийг ухамсарладаг бөгөөд өөр өөр цаг үе, газар оронд илэрхийлэгдэн байсан хүмүүний мэдлэгийн баялаг өвөөс ундаалахыг үргэлж эрэлхийлж, цаашлаад үнэн бол зөвхөн аль нэг ард түмэн, шашин эсвэл соёлд харьяалагдах бус, харин тэдний бүгдэд нь агуулагдаж байдгийг тайлбарладаг.
AGEAC нь ямар ч сургаалын фанатизмыг (хэт туйлшрах үзэл) хүлцдэггүй бөгөөд аль ч талаар зан төлвийг тахин шүтэх хандлагагүй.
AGEAC нь хүн төрөлхтнийг боолчлох ягшмал номлолын эсрэг зогсож, хүний чөлөөт хүсэл зоригийг үндсэн чанараа болгон сургадаг.
Нийгэмлэг нь улс төрөөс бүрэн ангид болохоо тунхаглаж байна. Иймээс AGEAC нь хэзээ ч сургаалаа улс төртэй холихгүй, мөн улс төрийн чиг хандлагатай ямар ч үйл ажиллагаанд оролцохгүй.
Нийгэмлэг нь аль нэг шашны үзэл суртлыг онцгойлон дагалгүйгээр, харин ч дэлхий даяарх бүхий л шашин, сүсэг бишрэлийг судлах явдлыг урамшуулан дэмждэг. Учир нь тэдний бүгдэд нь үнэний чин эрэл оршдогийг бид мэднэ.
AGEAC бол хандивт суурилсан байгууллага, мөн цаашдаа ч энэ хэвээр оршин тогтноно. Тус нийгэмлэг нь гишүүдийн сайн дурын хандив дэмжлэгт суурилдаг бөгөөд хэзээ ч ашиг орлого олох, эд хөрөнгө өмчлөх зорилгыг агуулахгүй.
Манай нийгэмлэг хэзээд хүний чөлөөт сэтгэлгээг хүндэтгэдэг, хүндэтгэсээр ч байх болно. Тиймээс AGEAC -ийн сургаалын бүхий л нөхцөл, ойлголтыг гишүүд чөлөөтэй хүлээн зөвшөөрч эсвэл татгалзах эрхтэй.
Хүмүүнлэгийн нийгэмлэг болох AGEAC нь аль ч талаараа өөр сүсэгтэн хүмүүсийг өөртөө татан элсүүлэхийг зорьдоггүй. Учир нь үнэнийг хайрлах хайр хүн төрөлхтний зүрх сэтгэлд дарамт шахалтаар бус, харин өөрөө аяндаа бий болдог юм.