Эрхэм судлаач анд минь, AGEAC таныг эрт цагийн агуу соёлуудад байсан мянганы мэдлэг болох Грекийн Софиа, Хиндустаний Гнянад урьж байна. Энэ бол өөрийн оршин буйн raison d’être -г мэдэх боломжийг хүн төрөлхтөнд нээж өгч байсан мэдлэгийн илчлэл юм.
Одоо та бүхэн Мэргэн ухааны ариун өргөөний үүдэнд байна. Энэ л ариун өргөөнд Күнз, Будда, Есүс, Гомер, Пифагор, Плато, Сократ, Хермес Трисмегист, Данте Алигери зэрэг агуу хүмүүс суралцаж, хичээллэж байсан билээ.
Таны явах энэ зам асар их үр өгөөжтэй боловч амаргүй гэдгийг та мэдэж байх ёстой, учир нь мэргэн ухааныг хүснэ гэдэг нэг хэрэг, харин үүнийг олох хүртлээ амьдралынхаа туршид цөхрөлтгүй эрэл хайгуул хийнэ гэдэг тэс өөр зүйл.
Та хоёр том саадтай тулгарах ёстой болно:
Нэг талаас, амьдралаас танд өргөн барьж буй боломжууд (хэрэгтэй эсвэл үгүй), мэдрэмж, дуулианы асар том морин тойруулга - эдгээр нь хамтдаа эрэгтэй, эмэгтэй аль ч хүмүүсийн цаг хугацааг тэр чигт нь удирдах хандлагатай байдаг.
Нөгөө талаас, олон сургаалын гайхалтай том үзэсгэлэн, тэдгээрийн олонх нь сайхан сэтгэл, эрх чөлөө, аз жаргал гэх мэт зарчимтай ч хүртэл холбоотой байх нь бий. Гэсэн ч энэ нь танд нэлээд эргэлзээ төрүүлэх ба учир нь та тэдний аль нь үнэний талд байгааг мэдэхгүй.
Гэхдээ эдгээр саад бэрхшээлийг давахын тулд хоёр чухал зүйлийг бас санаарай:
Би хэн бэ, би хаанаас ирсэн, хаашаа явж байгаа, миний оршин буйн зорилго юу вэ гэсэн асуултуудын хариултыг өөртөө олохыг оролдолгүйгээр зүгээр л амьдрахын төлөө л амьдарна гэдэг үнэндээ яг л нүдээ аниад, нээхийг ч хүсэхгүйтэй адил. Зүрхэн дээрээ гараа тавиад, өөртөө хариул. Харанхуйдаа үргэлжлэхийг хүсэхээс илүү харамсалтай зүйл амьдралд байж болох уу?
Сургаж, тунхаглаж буй зүйлийг нь суралцагч өөрөөрөө батлах боломжийг олгодог мэдлэг л зөвхөн биднийг онолуудын төөрдөг байшингаас гаргаж чадна. Амьдрал дээр практик хэрэглээгүй сургаал бол юунд ч хүргэдэггүй бодлын энгийн дасгалаас өөр юу ч биш.
Гэхдээ хэрэв та, эрхэм уншигч минь, сэтгэл тань Мэргэн ухааныг амталж, амьдралд төрөх, өсч том болох, өтлөх, үхэхээс өөр ямар нэгэн зүйл байдаг гэж итгэдэг бол бид таныг итгэлийн бамбайгаа бариад, эерэг салхины дагуу эсвэл бүх салхины эсрэг шийдэмгий алхам хийхийг уриалж байна … Гэсэн хэдий ч, үргэлж санаарай: “Юмс хэцүү учраас бид хийж зүрхэлдэггүй биш, харин бид хийж зүрхлэхгүй учраас тэдгээр зүйлс хэцүү хэвээр байгаа юм.” -Сенека
Ignoranti, quem portum petat, nullus suus ventus est.
«Аль боомт руу явахаа мэдэхгүй байгаа хүнд ямар ч салхи туслахгүй.»
Антропологи, соёл судлалын геофилософи нийгэмлэг нь эрт цагийн бүхий л хүн төрөлхтний уламжлал, ардын аман зохиол, домогзүй, гүн ухаан, урлаг, зан заншил болон итгэл үнэмшлийн соёлын үнэт өвд судалгаа шинжилгээ хийж, улмаар тэдгээрт агуулагдаж буй, өнөөгийн хүн төрөлхтөнд илүү ухамсартай, ухаалаг амьдрахад нь туслах үнэт зарчим, эрхэм чанаруудыг дэлгэн таниулахыг raison d’être (гол зорилго) болгодог антропологи, гүн ухаан судлалын хүмүүнлэгийн институт билээ.
Уг институт нь 1989 онд Испани улсад анх үүсгэн байгуулагдсан бөгөөд одоо бид таван тивийн 48 гаруй улсад салбартай, өнгөрсний агуу универсал мэдлэгийг судалж, өнөө цагийн хүмүүст хүргэхийг эрмэлздэг олон салбарын мэргэжлийн хүмүүсийг нэгтгэсэн олон улсын байгууллага болон өргөжөөд байна.
Манай нийгэмлэг ашгийн төлөө ажилладаггүй учир хүн бүр нийгмийн байдал, эдийн засгийн ялгаа заагаас үл хамааран, энэхүү судалгааны үр дүнгээс үр шимийг нь хүртэж чадна.
Хэдийгээр нийгэмлэг маань хүн төрөлхтний олон соёлуудын төрөл бүрийн талуудыг, мөн дэлхий дээр оршиж байсан өөр өөр шашнуудыг судалдаг ч манай институт бол шашин биш. Нийгэмлэг маань гишүүдийнхээ хувь хүний итгэл үнэмшлийг хүндэлдэг бөгөөд манай сургалтуудад янз бүрийн итгэл үнэмшил, гүн ухааны салбарын хүмүүс хамрагддаг.
Манай институт зорилго, чиг үүргээ биелүүлэхийн тулд янз бүрийн үйл ажиллагааг тогтмол явуулдаг. Үүнд:
Хүн төрөлхтний цогц хөгжил, универсал мэдлэгтэй салшгүй уялдаатай өвийг бүхэлд нь хамарсан бүтээлүүдийг хэвлэлд бэлтгэх.
Үндэсний болон олон улсын хэмжээний соёлын байгууллагуудтай зөвшилцөл, хамтын нөхөрсөг харилцааг бий болгож, харилцан туслалцаа үзүүлэх.
Антропологи, гүн ухаан болон далд мэдлэгийн судалгаа, шинжилгээнүүддээ үндэслэн, Эрт цагийн агуу соёл иргэншлүүдийн дэг журамд заагддаг байсан, байгаль, сансар огторгуйг илүү объектив байдлаар хүлээн авах чадварыг хүний дотор төгөлдөржүүлэх зорилготой дасгал, практикуудыг явуулах.
Олон улсын болон үндэсний хэмжээний хурал, чуулган, уулзалт, цугларалт, хамтын ажиллагаануудыг тодорхой үечлэлтэйгээр зохион байгуулах.
Дэлхийн өнцөг булан бүрээс төрөн гарсан, бүх цаг үеийн агуу суут хүмүүсийн гүн ухаан, далд мэдлэг, шинжлэх ухаан болон урлагийн үзэл санааны өөр өөр сургуулиудыг судлах, суралцах.
Дээр дурдсан мэдлэгийг түгээхийн тулд сургалт, семинаруудыг зохион байгуулах. Манай нийгэмлэгийн тулгуур нь хүний чөлөөт хүсэл зоригийг хүндэтгэхэд суурилдаг тул гишүүдийн явуулж буй бүхий л үйл ажиллагаа нь үргэлж сайн дурын үндсэн дээр зохион байгуулагддаг.
Дэлхийн олон улсад үйл ажиллагаагаа явуулж буй соёлын нийгэмлэгийн хувиар бид үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш хэд хэдэн олон улсын арга хэмжээг зохион байгуулсан:
1990 онд Вена (Австри) хотод зохион байгуулагдсан олон улсын чуулга уулзалт.
1992 онд Нью-Йорк (АНУ) хотод зохион байгуулагдсан олон улсын чуулга уулзалт.
2000 онд Кюбек (Канад) хотод зохион байгуулагдсан олон улсын чуулга уулзалт.
2004 онд Брашов (Румын) хотод зохион байгуулагдсан олон улсын чуулга уулзалт.
2008 онд Агра (Энэтхэг) хотод зохион байгуулагдсан олон улсын чуулга уулзалт.
2012 онд Фоз до Игуасу (Бразил) хотод зохион байгуулагдсан олон улсын чуулга уулзалт.
2019 онд Атибаиа, Сан Пауло (Бразил) хотод зохион байгуулагдсан олон улсын чуулга уулзалт.
Төгсгөлд нь, үнэний нэрээр, ёслол төгөлдөр батлан хэлэхэд манай институт нь ердөө цорын ганц зорилготой: орчин цагийн хүнийг өөрийн амьдралаа илүү хүнлэг, илүү ухамсартай, илүү трансцендентал болгох боломжийг олгодог мэдлэг болох бүх цаг үеийн универсал мэргэн ухааныг нухацтай, нягт нямбай шинжлэх ухаанчаар судалж, бусадтай хуваалцах юм.
Үгийн гарал зүйн хувьд “Философи” нь Грек хэлний phileo (хайрлах), sophia (мэргэн ухаан) гэсэн үгсээс гаралтай. Тиймээс, энэ үг нь мэргэн ухааныг хайрлах гэсэн санааг илтгэнэ. Хайрлах гэсэн утгаас гадна phileo нь мөн эрмэлзэх (мэргэн ухааныг эрмэлзэх) гэсэн утгатай.
Философич гэдэг үг анх Пифагороос (МЭӨ 496-580) эхлэлтэй бөгөөд Пифагороос Флиасын хаан Лион түүнийг юунд мэргэшсэнийг нь асуухад тэрээр өөрийгөө мэргэн ухаантан (софос) бус, харин философич (мэргэн ухаанд дурлагч энгийн нэгэн, үүнд эрмэлзэгч) хэмээсэн байдаг.
Олон жилийн тэртээгээс орчлонгийн агуу оньсогын тайллыг цөхрөлтгүй хайсан эрэгтэй, эмэгтэй хүмүүс, мэргэн ухаанд дурласан олон тооны сүнснүүд Пифагороос ч өмнө байсан: Бид чухамдаа хэн бэ? Бид энэ ертөнцөд ямар зорилготой ирсэн юм бэ? Орчлон ертөнцийн үүсэл нь юу вэ? Амьдрал хаанаас үүсэн гарсан юм бэ? Бүтээгдсэн бүх зүйлсийн чанадад ухамсарт хүчин оршдог болов уу? Бид төрөхөөсөө өмнө оршин байсан уу? Үхсэний дараа бид оршин тогтнох уу? Бидний амьдралын жаргал, зовлонг санамсаргүй тохиолдлууд авчирдаг хэрэг үү, эсвэл аль хэдийн бичигдсэн хувь тавилан байдаг уу?…
Юунгийн хэлснээр: “Сэтгэхүй дангаараа хангалттай байдаггүй”, тиймээс яг л модны үр олон ч цөөхөн хэд нь соёолж, үр жимс ургуулдгийн адил мэргэн ухааныг хүмүүс хүсэх ч ихэнх нь сэтгэхүйн мэдлэгтээ хязгаарлагдаж замаасаа унацгаадаг. Энэ бол хүн ягшмал номлол, хуурамч үзэл, үзэл баримтлал, онолд боолчлогддог шалтгаан нь. Үндэслэлтэй учраас Гёте хэлжээ: “Бүх онол саарал, харин амьдрал хэмээх алтан жимст мод л ногоон.”
Зөвхөн цөөн хүн л тэнгэрлэг философийн тусламжтайгаар, ухамсарт туршлагаар оюуны тогтворгүй салхинаас өөрсдийгөө чөлөөлөн, жинхэнэ Мэргэн ухааны оргилд хүрсэн байдаг. Тэдний дунд: Күнз, Будда, Есүс, Соломон, Гомер, Пифагор, Платон, Сократ, Хермес Трисмегистус, Данте Алигери…
Ийнхүү бидэнд хоёр философи гарч ирж байна: оюун санаа өнөөдөр нэг зүйлийг цагаан гэж тодорхойлж, маргааш нь түүнийгээ хар гэж ангилдаг тул энэ төрлийн философи нь өнөөдөр гарч ирээд маргааш алга болдог. Нөгөө нэг нь зуун зууны нүүр үзсэн ч хуваагдаж, хувирдаггүй учраас үргэлж ямар байсан яг тэр чигээрээ, өөрчлөгддөггүй, мөнхийн философи. Эхнийх нь субъектив шинж чанартай, энэ нь Софиа руу тэмүүлэх хүмүүсийн танин мэдэхүйн чадавхаар хязгаарлагддаг. Хоёр дахь нь объектив бөгөөд үнэн. Үүнийг Сэрсэн Ухамсар л хадгалан, тэтгэх бөгөөд хүмүүний тавьж болох бүх асуултад нухацтай, бодит байдлаар хариу өгөх чадвартай.
Өнгөрсөн үеийн агуу соёлуудын домог, үлгэр, туульс, бэлгэ тэмдэг, зан үйл гэх мэтчилэн бүгдийг гүн гүнзгий судалж үзэхэд бид зүгээр нэг давхцал гэхээс илүүтэй зүйлийг харж эхэлдэг нь гайхмаар. Урьдчилан тааж, таамаглалгүйгээр, нарийн нягт судалснаар бид энэ бүгдийн хоорондох хүчтэй барилдлага, эдгээрийг холбож буй нууцлаг ерөнхий илэрхийлэмж байгааг мэдсэн юм.
Олон хүн хайх боловч цөөхөн нь олж чаддаг тэрхүү philosophia perennis et universalis (мөнхийн универсал гүн ухаан)-г эрт цагийн хамгийн алдар цуутай мэргэдүүд мэддэг байсан гэдгийг бид батлан хэлэхээсээ эмээхгүй.
Амьдрал үхлийн агуу үнэнийг ухааруулах дотоод гэгээрлийн түлхүүрийг хүнд өгч чадах энэхүү трансцендентал гүн ухаан нь зуун зууны туршид дэлхийн дөрвөн зүгт оршсоор ирсэн тул аль нэг ард түмэн, итгэл үнэмшил, соёл иргэншилд тусгайлан зориулагдаагүй юм. Энэ бол Грекийн домогт Дэлхийг төлөөлөн гардаг дагина Гаеагийн универсал гүн ухаан бөгөөд “Гео” хэмээх үг эндээс урган гарчээ. Энэ нь өөрийн үр хойчийн зөвхөн аль нэгэнд нь (өөр өөр соёл иргэншлүүдэд) өвлөгдөлгүй, дэлхийн өнцөг булан бүрд оршин байдаг тул бидний хувьд Гео-Философи нь (бидний нэрлэснээр) Дэлхийн универсал гүн ухаан.
Геофилософи нь бидний өмнө хэлсэнчлэн, Ухамсрыг төсөөлшгүй алс хязгаарт сэрээх чадалтай бөгөөд оюун санаанаас дээд хүчин хүний ухамсарт оршин байдгийг баталж чаддаг тул зөвхөн онолд суурилсан энгийн философиос эрс ялгаатай. Оюун санаа сэтгэдэг бол Ухамсар ойлгодог. Оюун санаа бодож, таамагладаг бол Ухамсар шууд хүлээн авдаг.
Геофилософи нь аль ч шашны үзэл сурталд автаж дагадаггүй, учир нь энэ нь дэлхий даяарх аль ч шашин, итгэл үнэмшлүүдэд агуулагдах үнэний чин эрэл, мөнхийн гүн ухааны чухал элементүүдийг таньж харж чаддаг юм.
Геофилософид хүн дотооддоо тээж буй зүйлээ гаднаас хайх нь утгагүй гэдгийг батлан хэлдэг. Тиймээс, Юунг хэлэхдээ: “Гадагшаа хардаг хүн зүүдэлдэг. Харин дотогшоогоо харсан хүн сэрдэг.”
Геофилософи нь бүх ягшмал онолууд хүнийг боолчилдог гэдгийг ойлгодог тул хэнд ч юу бодохыг нь заахыг оролддоггүй. Эсрэгээрээ, хүний эргэцүүлж, аливааг ялган таних чадамж, чөлөөт хүсэл зоригийг сайшаадаг.
Бид хэн бэ?, бид хаанаас ирсэн бэ?, бид хаашаа явж байна вэ? гэдэгт хариулт олохоос өөр нэр төртэй, чин шударга үйл хэрэг үгүй гэж Геофилософид үздэг. Бүтээгчийн арканаг (нууц) мэдэх нь тэрс үзэл биш, харин бидний эрх бөгөөд ийм ч учраас “Бурхны сүр жавхлан нь нууцаа далдлахад, хүний сүр жавхлан түүнийг нээж илрүүлэхэд оршино” (Зүйр үг 25:2) хэмээн бичигджээ.
Эрхэм уншигч та бүхэнд гайхамшигт философичийн үгээс ишлэн энэхүү өгүүллээ хаахыг зөвшөөрнө үү:
“Мэргэн ухаан бол мянга мянган жилээр оршигч хад адил бат бөх, сүр жавхлантайгаар дүрэлзэн асах гал мэт бадардаг. Түүнийг эзэмшсэн хүн утгагүй бүх зүйлд авталгүй, хувь тавилангийн гэнэтийн өөрчлөлтүүдэд ганхашгүй бат суурийг олж авдаг”
Posside sapientiam, quia auro melior est
«Алттай байхаас Мэргэн ухаантай байх нь хавь илүү эрхэм.»
AGEAC нь хүний эрх чөлөө нь мэдлэгийн баганууд дээр тогтож байдгийг ухамсарладаг бөгөөд өөр өөр цаг үе, газар оронд илэрхийлэгдэн байсан хүмүүний мэдлэгийн баялаг өвөөс ундаалахыг үргэлж эрэлхийлж, цаашлаад үнэн бол зөвхөн аль нэг ард түмэн, шашин эсвэл соёлд харьяалагдах бус, харин тэдний бүгдэд нь агуулагдаж байдгийг тайлбарладаг.
AGEAC нь ямар ч сургаалын фанатизмыг (хэт туйлшрах үзэл) хүлцдэггүй бөгөөд аль ч талаар зан төлвийг тахин шүтэх хандлагагүй.
AGEAC нь хүн төрөлхтнийг боолчлох ягшмал номлолын эсрэг зогсож, хүний чөлөөт хүсэл зоригийг үндсэн чанараа болгон сургадаг.
Нийгэмлэг нь улс төрөөс бүрэн ангид болохоо тунхаглаж байна. Иймээс AGEAC нь хэзээ ч сургаалаа улс төртэй холихгүй, мөн улс төрийн чиг хандлагатай ямар ч үйл ажиллагаанд оролцохгүй.
Нийгэмлэг нь аль нэг шашны үзэл суртлыг онцгойлон дагалгүйгээр, харин ч дэлхий даяарх бүхий л шашин, сүсэг бишрэлийг судлах явдлыг урамшуулан дэмждэг. Учир нь тэдний бүгдэд нь үнэний чин эрэл оршдогийг бид мэднэ.
AGEAC бол хандивт суурилсан байгууллага, мөн цаашдаа ч энэ хэвээр оршин тогтноно. Тус нийгэмлэг нь гишүүдийн сайн дурын хандив дэмжлэгт суурилдаг бөгөөд хэзээ ч ашиг орлого олох, эд хөрөнгө өмчлөх зорилгыг агуулахгүй.
Манай нийгэмлэг хэзээд хүний чөлөөт сэтгэлгээг хүндэтгэдэг, хүндэтгэсээр ч байх болно. Тиймээс AGEAC -ийн сургаалын бүхий л нөхцөл, ойлголтыг гишүүд чөлөөтэй хүлээн зөвшөөрч эсвэл татгалзах эрхтэй.
Хүмүүнлэгийн нийгэмлэг болох AGEAC нь аль ч талаараа өөр сүсэгтэн хүмүүсийг өөртөө татан элсүүлэхийг зорьдоггүй. Учир нь үнэнийг хайрлах хайр хүн төрөлхтний зүрх сэтгэлд дарамт шахалтаар бус, харин өөрөө аяндаа бий болдог юм.